GHBHBG_bichmel_2024.08


Газрын удирдлагын хэлтэс
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Газрын кадастрын мэдээллийн системд “51.Нэгж талбарыг нөхөн бүртгэх” өргөдлийн төрлөөр 11 сумаас 63 өргөдлийг нөхөн бүрдүүлэлтээр оруулах хүсэлт ирүүлсэн бөгөөд тэдгээр өргөдлийн хавсралтууд нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд цахим системд холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэн газрын кадастрын мэдээллийн системд баталгаажуулалт хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” 92 дугаар тогтоолоор Газар зохион байгуулалт хийх журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг журамд заасан хугацаанд нэгдсэн цахим системд оруулж, сумын ИТХ-аар батлуулан саналаа ирүүлэхийг нийт сумдын Засаг дарга нарт 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/289 тоот албан бичгээр чиглэл болгон хүргүүлээд байна.
Алтанбулаг, Мандал сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн 8 нэгж талбарыг ГЗБГЗЗЕГ-аар хянуулан дүгнэлт гаргуулав.
Аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/385 тоот захирамжаар өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд дундаа газар өмчилсөн иргэдийн хэлцлийг үндэслэн 4 иргэний 3974м.кв хэмжээтэй газрын өмчлөх эрхийг хэвээр үлдээж хамтран өмчлөх эрхээс 9 иргэнийг хасаж, газар өмчлөх эрхийг сэргээв.
“Олон улс, улсын чанартай зам барим” төслийн хүрээнд хэрэгжсэн Дархан-Алтанбулагийн замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт хүртэлх 120,85 км хатуу хучилттай авто замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 165 дугаар тогтоолын дагуу Зүүнбүрэн суманд хамаарах талбайн нөхөн сэргээлтийн ажлын явцад аймгийн ЗДТГ, Байгаль орчны газартай хамтарч хяналт тавьж ажиллав.
Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:
Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 81 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 13 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 3 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 5 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
- Нэгж талбар нэгтгэх тухай 1 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж ажиллав.
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 27 газар эзэмших эрхийн гэрчилгээнд Э дугаар авах хүсэлтийг дундын мэдээллийн сангаар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст илгээж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчилсэн байна.
Газрын кадастрын чиглэлээр:
- Газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагаар хэмжилт, боловсруулалт хийлгэсэн 14 нэгж талбарын кадастрын зургийг хүлээн авч аймгийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, Лэнд менежер програмд бүртгэж баталгаажуулсан.
- Газрын кадастрын мэдээллийн санд орсон, эрх зүйн харилцаа үүссэн 98 нэгж талбарын кадастрын зургийг иргэн, аж ахуйн нэгжид хэвлэн өгсөн байна.
- Газар эзэмших эрхээ банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан 77 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцаа бүртгэн тэмдэглэгээ хийж ажиллалаа.
- Газар өмчлөх эрхээ өвлүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлж байгаа 54 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.
- Нийслэл, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 4 иргэний эзэмших газрын захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлж, 1 иргэний газар эзэмших эрхийг чөлөөлсөн талаар хариу хүргүүлж ажилласан.
Суурь судалгаа, газрын мониторингийн чиглэлээр:
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлын хүрээнд 2024 онд аймгийн хэмжээнд нийт 17 сумын 106 фотомониторингийн цэгийг байгуулж, “Sample point” програм дээр боловсруулалт хийж гүйцэтгэсэн. Мөн сумдын газрын даамлуудад мэдээллийн сангийн вэб хувилбарт боловсруулалт хийх ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар арга зүйн зөвлөгөөг өгч, фотомониторингийн ажлын үр дүнг газрын мэдээллийн санд оруулан ажиллаж байна.
Геодези, зураг зүйн чиглэлээр:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт “Наран” гэх газар бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл хүссэн 5 га, Ерөө сумын нутаг дэвсгэрт “Цагаан тохой” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Түмэн сарлагтан” ХХК-ийн 44.38 га, “Дааган дэл” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Гэрэлт Хайлааст” ХХК-ийн 41.38 га, Сайхан сумын нутаг дэвсгэрт “Ширээ нуруу” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Содон шороо” ХХК-ийн 383 га газруудын байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж холбогдох үр дүнг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлж ажилласан.
Аймгийн хэмжээнд 14 нэгж талбарт хяналтын хэмжилтийг үйлдэж холбогдох улсын байцаагчид шилжүүлж ажилласан.
Мөн Сүхбаатар сумын 1.8 км хатуу хучилттай зам мөн Хушаат сумын 19.9 км замд тус тус хяналтын хэмжилт үйлдэж ажилласан.
Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:
1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Баясгалангийн шүүхэд гаргасан 3 дүгнэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хуралд оролцсон.
2. Гацуурт ХХК-д зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. /холбогдогчоос мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, торгууль нөхөн төлбөр тавих/
3. Сүхбаатар сумын 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг үндэслэл болгон тус бүр 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг, 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх зүйлийг үндэслэл болгон 30,000 төгрөгийн торгууль буюу нийт 1030000 төгрөгийн торгуулийг оногдуулж, төлбөрийг 100% барагдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4. Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бургастайн хишиг ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
Барилга, хот байгуулалтын хэлтэс
Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх улсын комисс ажилласан байдал:
Цагааннуур суманд “МАК” ХХК-ийн захиалгаар “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн гүйцэтгэсэн буга үржүүлгийн аж ахуйн гадна цахилгаан хангамжийн угсралтын ажилд Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:
2024 оны 08 дугаар сард нийт 6 ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов. Үүнд:
- Авто замын ажил /Хушаат сум/
- Монсуль ХХК-ийн шатахуун түгээх станцын барилгын ажил /Баянгол сум/
- Спорт заалны засвар /Шаамар сум/
- Тоглоомын талбай барих ажил /Жавхлант сум/
- Хатуу хучилттай авто зам /Сайхан сум/
- Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил /Сүхбаатар сум/
Барилга байгууламжид захиалагчийн хяналт, үзлэг хийсэн байдал.
- Хүдэр сумын соёлын төвийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт хийж, барилгын суурь суурийн буцаан дүүргэлтийг хөрсний шинжилгээ, зургийн тайлбарын дагуу ухмалаас гарсан шороогоор буцаан дүүргэхгүй байх мөн бетон зуурмагийн орцын норм тогтоолгож ажиллахыг зөвлөв.
- Цагааннуур суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.
Барилгын төмөрбетон каркас цутгалтын ажил хийгдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 35%-тай.
- Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн спорт заалны барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. Барилгын газар шорооны ажил эхэлсэн.
- Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллалаа. Тус барилга нь өрөгт бүтээцтэй гадна өнгөлгөөний тоосгон өрлөгтэй барилга бөгөөд нэгдүгээр давхрын өрлөгийн ажил хийгдэж байна.
- Баруунбүрэн сумын доторх 2,5 км авто замын барилга угсралтын ажилд техникийн хяналт хэрэгжүүлэн ажиллалаа. Тус замын суурь, далан, гүүр хоолой, авто замын хашлага тавих ажил дууссан бөгөөд цементээр бэхжүүлсэн суурийн ажлын бэлтгэл хийгдэж байна.
- Хушаат суманд хийгдэж байгаа “Төв замаас сумын төв хүртэлх хатуу хучилттай авто зам”-ын барилга угсралтын ажлыг “Нобль рөүд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд сумын төв доторх 3 км авто замын суурь далан, ус зайлуулах хоолойн ажил хийгдсэн байна.
Барилгын техникийн хяналтын чиглэлээр:
1. 2024.08.12-ны өдрийн 02-29/13 дугаартай удирдамжаар Геологийн хүрээлэнгээс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Мандал суманд байрлах эзэнгүй орхигдсон 2 давхар барилгын төлөв байдалд төлөвлөгөөт бус үзлэг шалгалтыг явуулсан.
2. Төлөвлөгөөт шалгалт: Асуд констракшн ХХК-ийн гүйцэтгэж буй Цагааннуур сумын сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажилд төлөвлөгөөт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлагыг хүргүүлэв.
3. Урьдчилан сэргийлэх шалгалт: Хүдэр сумын соёлын төвийн барилгын угсралтыг гүйцэтгэж буй Ариун Очир ХХК, Ерөө сумын эмнэлгийн өргөтгөлийн барилгын угсралтыг гүйцэтгэж буй Нано бриллиант ХХК, Цагааннуур суманд Онцгой байдлын хэлтсийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй“Оргил улсын цамхаг” ХХК, Шунхлай ШТС-ын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Шунхлай ХХК, Мандал суманд нийтийн орон сууцны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй “Грандбест тауэр” ХХК, “Яжима монголия”, Хоймор өргөө констракшн ХХК, нефтийн үйлдвэрийн барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэж буй Мандал энэржи нефть ХХК-уудын барилгын угсралтын ажилд урьдчилан сэргийлэх шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 албан шаардлагыг хүргүүлэв.
4. Урьдчилан сэргийлэх шалгалт: Алсын өртөө ган туйвангийн үйлдвэр, Ширхэнцэг арвин ХХК, бетон зуурмагийн узель 1 албан шаардлага 1 үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон актыг үйлдэв.
Тайлант хугацаанд барилгын техникийн хяналттай холбоотой нийт 11 эрхзүйн баримтыг үйлдсэн байна.
Захиргаа удирдлагын хэлтэс:
Архив, бичиг хэргийн чиглэлээр:
2024 оны 08 дугаар сард шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 25 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэхээр судалж байна.
Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 76 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.
Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 5 баримт бичгийг хүлээн авч холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад хариуг хүргүүлэн ажиллаж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, бусад төрийн байгууллага болон аж ахуйн нэгж 24 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.
Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
____oOo____

































