ЯПОН УЛСЫН ГАЗАР, ДЭД БҮТЭЦ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМТАЙ ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА





Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам хамтран гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичиг нь Монгол Улсын 20 минутын хот хөгжлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой хот байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хамтран хөгжүүлэх, Япон Улсад амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг албан ёсоор тодорхойлон Японы хувийн хэвшлийн компаниудад санал болгох, төслийн бэлтгэл шатны судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн боломжийг үе шаттайгаар судлан боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Энэхүү санамж бичиг нь Улаанбаатар хотын төвийн бүсийн хөгжлийг дэмжих, явган зорчигчдод ээлтэй орчин бүрдүүлэх, хотын газар доорх дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ Монгол Улсад олон улсын шилдэг туршлагад суурилсан төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг бодитой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Санамж бичиг байгуулах арга хэмжээний төгсгөлд 2025 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан гурван удаагийн нээлттэй хэлэлцүүлгийн албан тэмдэглэлийг албажуулж Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцны бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр болон Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Морита Юка нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

































